2007-12-19

Гэгээн дурсамж

    Би нэг хүнийг байс гээд л тодоос тод зүүдэлсэээр удаж байна. Тэр бид 2 арван жилд нэгдүгээр ангиасаа эхлээд хамт сурсан юм. Түүнийг Нямаа гэдэг. Нямаагийн найз нь нэг их сахилгагүй, багш нар, охидуудтай хэрүүл хийсэн нэг банди байсын. Тэр 2 дандаа л хамт явна. 5-р ангиас байхаа нөгөө сахилгагүй нөхөр юм л бол миний үзэг, дэвтэр,  номыг булааж аваад л  Нямаад өгчихнө. Нөгөөх нь  зүгээр  л буцаагаад  надад  өгчихнө.  Нэг өдөр  бид нар циркийн араар орж амьтан үзэх гээд л явж байсан чинь нөгөө галзуу чинь Нямаа тэрэнд (миний нэрийг бүтнээр нь дуудаж ирээд л ) хайртай гээд л орилоод байхын. Манай хэд гайхаад л шоолоод л. Би бүр сонин болчихсон. Нөгөө Нямаа ч гэсэн. Тэрнээс хойш  Нямаа, галзуутайгаа манайд ирээд л нэг их юм ярихгүй. Нөгөө галзуу нь намайг оруулахгүй энэ тэр гэж намайг баахан зовоодог боллоо. Нямаа надад сайн болсон нь надад таалагдахгүй байсан юмаа ямар ч байсан. Ингээд л чоно туулай 2 шиг хөөцөлдөж явсаар байгаад 6-р анги төгсдөг жилээ пионерийн зуслан явлаа. Ааваараа хүргүүлээд л зуслан явах автобусан дээрээ очсон чинь Нямаа бас цүнхээ үүрчихсэн явах гээд байж байлаа. Би ч хараагүй царай гаргаад энэ нэг юм бас юу вэ гэж бодоод л зогсч байлаа. Хоёулаа нэг зусланд бүүр нэг бүлэгт зэргэлдээ өрөөнд орчихсон. Би хөнжлийхөө даавууг хийж чадахгүй будилаад зогч байсан чинь орж ирээд л намайг дөнгөж сая харсан хүн болж жүжиглэснээ, ээ алив гээд миний даавууг хийж өгчөөд гарлаа. Тэгээд яахав дээ сургууль дээрээ байдаг шиг мэдрэлтээд зугатаж гүйгээд байлтай биш. Жирийн л нэг ангийн хүүхэд шиг харьцаж байлаа. Сүүлдээ нөгөөх маань надаас бүүр салахаа байлаа. Жорлон орсон ч дагаастай. Наана нь хүлээж байгаад л буцаад хамт явна. 2-р хоол, оройн цайны тараг амттангаа надад өгчихнө. Би бүүр сүүлдээ авах ёстой юм шиг л болчихсон үнэн даварчихсан. Эрэгтэй хүүхэд юм чинь өлсдөг л байсан байх даа. Таргаа шилэнд аваад, чихэр печеньтэйгээ хамт миний шүүгээнд хийчихсэн байдаг байлаа. Чи өөрөө ид гэхээр идэхгүй ээ л гээд байна. Өдөр унтлаганы цагаар орны хөлд суучихаад л юм яриад л намайг унтсан ч исгэрээд л сууугаад байдаг үнэн ядардаггүй хэ хэ. Манай зуслангийхан андахгүй болчихсон. зуслангийн сүүлийн өдөр галын наадам боллоо. Зуны нэг их гоё орой байдаг даа яг тийм, цэвэр агаарыг  цээж дүүрэн амьсгалаад л бид 2-зай завсаргүй түгсэн оддын тухай ярьж байснаа би их тод санадаг юм. Гэхдээ тэр үе хичнээн сайхан байсныг хожуу л мэдсэндээ. Тэгээд удалгүй хичээл ч эхэлсэн. Ангийхан бид 2-ыг хамт зуслан явсан гэж жиг жуг хийгээд л. Нямаа маань өдөр болгон манай орцонд зогсдог шинэ ажилтай болсон. Бүүр сүүлд тэр минь манайд ирэхдээ "би ч энэ орцонд олон жил зогссон байна шүү, их танил санагдаж байна" гэж хэлээд инээж билээ.   Байрны том ах нар, манай ах ч ялгаагүй бүгд Нямаад жигтэйхэн сайн. Хөөрхөн бацаан зогсоод л байна уу гээд өнгөрдөг байсан гэсэн. Ах нар Нямаагийн өмнөөс намайг харамлана. Өөр эрэгтэй хүүхэд надтай уулзаж байхыг харвал чи хэн бэ хаанаас ирсийн гээд л аа яа яа сүрийг үзүүлийшд. Тэгсэн хэрнээ Нямаа бид 2 үерхдэггүй байсан юм даг. Надтай үерхээч гэж хэлэхгүй мөртлөө үйл хөдлөлөөрөө л надад сайн гэдгээ харуулдаг байсан юм шиг байгаан. Сүүлдээ Нямааг бүүр миний сүүдэр гээд нэрлэчихсэн байсан юм даг. Өөр хүүхдүүдтэй явж байвал холоос дагаад л яваад байна. Би өөр хөвгүүнтэй үерхэж байсан ч холоос намайг хараад л явдгийг нь би мэдэрдэг байсан.  Тэгж бид хоёр хамаатай ч юм шиг хамаагүй ч юм шиг явсаар 8-р анги  төгсөөд тэр маань биеийн тамирын сургалттай сургууль руу шилжлээ. Би тэр үед нь өөр хөвгүүнтэй үерхэж эхэлсэн юм. Удаагүй саллаа. Салав уу үгүй юу Нямаа шинэ ангийхаа 3 хөвгүүнтэй манайд ирсэн. Тэр аймаар өндөр болчихсон, бас амнаас нь архи үнэртэж байлаа. Ангийхан нь манай Нямаа чамд аймаар хайртай гэнэ дээ чи ямар их хүүхэд зовоодог юм бэ гээд тоглоом шоглоомын хооронд яриад нөгөөх маань өөрөө юм ярихгүй байж байснаа гэнэт ёстой л ам нээвэл уушиг нээнэ гэгчээр бүгдийг өөрийхөө амаар чин сэтгэлээсээ ярьсан юм даг. Би тэр үед түүнд хайртай байгаагүй ч үргэлж хажууд байдаг хүн гэнэт алга болчихоор үгүйлээд эвгүй санагдаж байсан юм даг. Тэгэхэд би анх удаа түүнийг өөр нүдээр харсан байхаа.  Тэр маань маргааш нь жигтэйхэн гоё болчихсон ирээд бид 2 парк явлаа. Үнэн сэтгэлээсээ баяртай байгаа түүнийгээ хархад надад ч гэсэн гоё байсан. Тэр өдөр бид 2 анх удаа үнсэлцэж, тэр минь намайг үе үе чанга чанга тэврээд л санаа алдаад  л зөндөө их юм ярьсан юм даг. Сайхан үерхэл маань эхэллээ. Нэг өдөр бид 2 стадионд тоглолт үзээд тарсан чинь гадаа ширүүн бороо ороод тэр минь цамцаа тайлаад, түүнийхээ цамцан доор борооноос хоргодож гүйсээр манайд ирхэд манай байрны гадаа дүүрэн ус тогтчихсон байлаа. Туулахаар болтол Нямаа би чамайг үүрчихье гэсээр байгаад намайг үүрээд орцныхоо үүдэнд иртэл манай байрны ах нар орцноос гарч ирж таараад аа яа яа гээд л бид 2-ыг шоолсоор угтлаа. Нямаагийн мөрөн дээр алгадаад л эр хүн гээд л инээлдээд байж билээ. Нямаа инээгээд л тэр үед тэрний минь нүд гэрэлтээд их баяртай байсаан. Бид 2-ыг хөтлөлцөөд гараад явхад таньдэг хүмүүс их гайхаж билээ. Бид 2-ыг арай гэж үерхэж эхэлсэн учраас тэгсэн байх л даа. Энэ бүхний өмнө тэр минь энэ хайрандаа ямар үнэнч байсныг бодхоор одоо ч сэтгэл хөдөлдөг юм. Түүнийг шилжихээс өмнө манай ангийн,  бараг сургуулийн атаман нөхөр миний хажууд суудаг надад  гэмгүй сайн байдаг байсан юм. Тэр Нямааг даапаалаад л кино үзэх гээд ангиараа явхад түүнийг минь миний хажууд суучихсан байхад нь хүрч ирээд л бос миний байр гээд л хөөрхий минь тэр босоод л явна. Би тэр үед нь нэг их тоодоггүй байж билээ. Бид 2 үерхэж эхэлсний дараа ээжтэй нь бас ах бэр эгчтэй нь танилцаж хамт хооллож байсан. Тэр үедээ залуу техникчдийн ордон гэдэг байсан даа тэнд бараг анхны байхаа fast food, кафе маягийн аятайхан газар нээгдээд удаагүй байсан юм даг.  Тэнд орж байсан юм байна. Тэгэхэд ээж ах 2-нь мань хүний хамаг нууцыг ярьж билээ. Ээж нь Нямаагийн зөвхөн миний тухай бичсэн нэг дэвтрийг санаандгүй олж үзснээ ярьхад мань хүн ээж гээд л нээх хөөрхөн ичих загнах 2-ын хооронд хэлэхэд ээж нь за за болъё гэсэн хэрнээ л бага багаар ярьсаар л байж билээ. Ах эгч 2-нь инээмсэглээд л сонсоод байсан. Бид 2 ингэж үерхэж байхдаа бусдын л адил сайндаж муудаад л явдаг байлаа. Тэр болгоны тухай бичвэл энэ ч нэлээн урт түүх болноо. Нэг өдөр бид 2 уулзаж зогсохдоо би юм ярингаа куртикных нь бүсээр тоглоод л байсын. Куртик нь яг бэлхүүсээрээ далд нарийхан бүстэй  байсан. Маргааш нь мань хүн ирчээд л намайг үнсээд л чи нээрээ намайг онигоонд оруулсан шүү гээд л инээгээд байх юм. Тэгээд яасан гэсэн чинь би бүсээр нь оролдож байгаад бүүр чангалаад тээглүүрдээд орхичихсон юм. Тэр маань анзаараагүй байж л дээ. Тэгээд автобусанд ороод цонход харсан чинь нээх өндөр шоргоолж шиг баагий зогсч байсан гэсэн. Зузаан куртик байсан болохоор доод тал нь пөмбийгөөд яг шоргоолжны бөгс шиг болчихсон байсан гэсэн. Тэгээд цээж нь лаг баки болчихсон ха ха. Гялс тайлаад сулласан гэсэн. 10-р ангиа төгслөө. Намайг конкурс өгөөд гарч ирэхэд тэр минь МУИС-ын урд hot dog барьчихсан зогсож байсан. Гадаа нохой гаслам халуун байсан ч тэр минь маш удаан хүлээсэн байж билээ. Тэр минь миний царайг хараад шууд ойлгосон 2-уулаа удаан тэврэлдэж зогссон. Тэгээд бөөн баяр 2 хүн ля ля ля гээд хөтлөлцөөд л манайх руу гүйсэн дээ. Түүний барьж зогссон зайдас хачин сайхан амттай байсныг би тэр үед нь мэдээгүй л юм даа. Тэр чин сэтгэлийн удаан хүлээлт, тэр сайхан амттай зайдасны амтыг ч мэдрээгүй тэнэг хүн дээ би. Удалгүй Нямаа маань нэг өрсөлдөгчтэй боллоо. Тэр өрсөлдөгч нь надаас хоёр ах. За энэ хүний тухай дараа дэлгэрэнгүй бичнээ. Ямар ч байсан би түүнд хайртай болсон юм. Ингээд Нямаа бид 2 саллаа. Гэхдээ тэр минь ирсээр л ярьсаар л. Түүнийгээ зүгээр л найзын хувиар гэж тайлбарлана. Би шинэхэн хайртай залуудаа бүгдийг хэлсэн. Тэр ч ойлгосон. Ухаангүй дурласан би түүнтэй хамт амьдарч эхэллээ. Нэг ёсондоо хамтран амьдрагч болоод бид 2 тэднийд амьдардаг байлаа. Миний газар дээрх галзуу ганц найз минь  тэдний байранд байсан болохоор Нямаа намайг хаана амьдарч байгааг мэдчихсэн байсан. Би бараг хүнтэй сууугаад айлд оччихсон байхад тэдний гадаа ч зогсож л байдаг үгүй мөн хачин хүн шүү. Би цонхруугаа ч ойртохгүй хармааргүй байдаг байсан. Миний шинэхэн хайр ч үүнийг мэдчихсэн гэхдээ юм хэлээгүй ээ. Би хүүхэдтэй болж айлын эхнэр, ээж боллоо. Энэ үедээ юун Нямааг бодох мартсан байсан байхаа. Намайг хүүхдээ төрүүлсний дараа ярьж надад баяр хүргэж билээ. Тэр үед сайхан л санагдаж байсан. Удалгүй тэр минь ч бас эхнэр авч хүүтэй болсон. Энэ тухайгаа надад хэлсэн. За тэгээд яриад байвал зөндөө л юм бий дээ. Гэхдээ жил өнгөрөх тусам би түүнийг дурсах дуртай болж байлаа. Нөхөртөө хайргүй болсондоо ч биш Нямаад  хайртайгаа мэдэрсэн ч юм биш. Зүгээр л намайг хайрласан тэр сайхан хайрых нь үнэ цэнийг би одоо л ойлгож байна гэх үү дээ.  Бид 2 бие биенээ хайрын үгээр булж, эр эм хүмүүсийн нандин харилцаанд орж байгаагүй ч түүнийгээ бодхоор нэг л сайхан байдаг юмаа. Дандаа бодно гэж юу байх вэ дээ. Мартаад л өөрийн амьдралын урсгал дундаа явж байхад гэнэт зүүдэнд маш тодоор бууна. Би өглөө нь тэр зүүдээ тод санадаг юм. Яг Нямаатай холбоотой хэсгийг нь бүүр тод санадаг юм. Тэр зүүдээ бодхоор сонин бас сайхан санагддаг. Тэгээд л мартчихна. Дахиад л зүүдлэнэ. Энэ байдал олон жил үргэлжилж байнаа.  Их сонин шүү. Бид 2 уулзаагүй олон жил болж байна.Тэр минь миний зүүдэнд яг л тэр үеийхээ төрхөөр л орж ирдэг.  Намайг тийм ариун сайхан хайраар хайрлаж байсан түүндээ үргэлж баярлаж явдаг. Одоо тэр минь сайхан амьдарч байгаа байхаа. Би түүнтэйгээ хэзээ нэг цагт битгий тааралдчхаасай гэж боддог юм. Тэр минь миний сэтгэлд тэр үед ямар байсан тэр чигээрээ л үлдээсэй гэж хүсдэг юм. Тааралдчих юм бол тэр мэдээж өөр болсон байгаа. Тэр дүрийг нь би хармаагүй байна. Миний гэгээн дурсамж алга болчих ч юм билүү гэж айж байна. Би түүнийгээ мөн ч олон удаа гомдоож байсан даа. Нэг үнэн үг байдаг даа. Би яг сайн хэлж мэдэхгүй байна. Өсөх насны хайр өтлөхийн цагт үнэтэй болно ч билүү тиймэрхүү утгатай. Чойномын хэлсэн үг байлуу даа.  Хүн болгонд л ийм сайхан ариун хайрын тухай дурсамж байдаг даа. Намайг 6, 7 жил тэр сайхан гэгээн хайраар хайрлаж байсан түүндээ баярлаж явдаг юм. Ер нь хүмүүс хажууд байгаа сайн сайхан юмаа олж харахдаа муу байдаг юм шиг байгаан. Ганц би ч биш. Би түүндээ тэгтлээ их хайртай байгаагүй ч түүний энэ хайр ийм олон жил миний сэтгэлийг баясгаж байх юм гэж ёстой бодож байсангүй. Хүн  гэгээн, сайхан  дурсамжтай  байж түүгээрээ сэтгэлээ тэжээх нь байж болох л зүйл биз дээ. Түүнтэйгээ зүүдэндээ уулзаад л явж байх сайхан байдаг юм аа. Түүнтэйгээ суусан бол энэ сайхныг нь мэдрэх ч байсэн юм уу үгүй ч байсан юм уу аягүй бол би толгой дээр гараад суучихсан,бие биенээ гомдоочихсон магадгүй салчихсан ч байх юм билүү. Би энэ гэгээн дурсамжиндаа үнэхээр хайртай.  Түүндээ хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсье дээ.

 

Бичсэн: Unknown | цаг: 11:07 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax